“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙЕ”
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБААГИЙН ИЛТГЭЛ
Эрхэм нөхөд өө
Өнөөдөр монголын ард түмний эрүүл мэндийн төлөө бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнийг “2010 оныг Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн жил болгох” уриан дор хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай хийсэн уулзалт дээр дэлгэрэнгүй үг хэлж,
-Эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд энэ салбарын шинэчлэлийг хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ давамгайлсан тогтолцоог бий болгох,
-олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвийг дотоод гадаадын хөрөнгийн эх үүсвэрээр төрөлжүүлэн байгуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох,
-аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт, уялдаа холбоог хангаж, ард иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд түшиглэсэн санхүүжилтийн механизмыг бий болгож, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгож өргөжүүлэх зорилгоор санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх,
-бүх нийтээрээ биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг төв суурин газруудад бүрдүүлэх, эм, “сүлжээний” гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээг хязгаарлах, уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх,
Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх, сонгон шалгаруулалт явуулахтай холбогдсон эрх зүйн харилцааг бодит шүүмжлэлтэй уялдуулан боловсронгуй болгох, олон улсын хандивлагч байгууллагаас үзүүлж байгаа хандив, тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн нэг удирдлагаар хангаж, үр ашигтай зарцуулах,
гадны эмнэлэг, эмч, мэргэжилтнийг шүтсэн буруу жишгийг өөрчлөхийн тулд бэлтгэн гаргаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний чанарт онцгой анхаар ч хүний нөөцийг бэлтгэх, давтан бэлтгэх тогтолцоонд шинэчлэлт хийж орчин нөхцлийг нь бүрдүүлэх,
эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалин хөлс, урамшуулалын механизмыг боловсронгуй болгож ажиллаж амьдрах нийгмийн баталгааг сайжруулахад чиглэгдсэн нэгдмэл, цогц шинэчлэлийг эрүүл мэндийн салбарт хийхийн чухлыг онцлон тэмдэглэж үүрэг даалгавар өгсөн билээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэхээр тусгагдсан 37 зорилтын хэрэгжилт 85,7%-тай, бүрэн биелсэн 18, бусад ажлууд хагас биелсэн дүнтэй байна.
Хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хувьд 2009 оны байдлаар хяналтад авсан 76 шийдвэрийн 106 заалтаас 27 нь биелж, 75 нь хэрэгжих шатандаа, 4 заалтын хэрэгжиж эхлэх хугацаа болоогүй байна. Үүнээс УИХ-ын 1 тогтоолын 1 заалт хэрэгжих шатандаа, Засгийн газрын 40 тогтоолын 64 заалтаас биелсэн 12, хэрэгжиж байгаа 48, хугацаа болоогүй 4, Засгийн газрын хуралдааны 35 шийдвэрийн 41 заалтаас 15 нь биелж, 26 нь хэрэгжих шатандаа байна. Ерөнхий гүйцэтгэлээр 96,9 хувийн биелэлттэй байна.
2009 онд иргэд, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газраас бичгээр 1085(99.5%), амаар 6 (0.5%), нийт 1091 өргөдөл, гомдол, санал ирсэн байна. Эдгээрийн 1031 буюу 94.хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.
Тайлангийн хугацаанд манай салбарын ажилтнууд өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж идэвхи чармайлт гарган ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Салбарын хэмжээнд зохион байгуулсан ажлуудыг нэгбүрчлэн тайлагнахад цаг ихээхэн орох учир хураангуйлж томоохон хэмжээний зарим ажлуудыг эрүүл мэндийн салбарт хийх цогц шинэчлэлийн хамт товч дурьдая.
1. Нийгмийн эрүүл мэнд
2009 онд “Осол, гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” хөтөлбөр, “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёрдугаар хөтөлбөр, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамжийн үндэсний стратеги”, “Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг шинэчлэн Засгийн Газрын тогтоолоор батлууллаа.
Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр 2010-2015 онд хэрэгжүүлэх стратеги, 2010-2011 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө, “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод ээлтэй эмнэлэг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төв (НЦҮТ)”, “Дүлийрэлт, сонсгол бууралтаас сэргийлэх, хянах стратеги”- Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж эхэллээ.
Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах журам, болзлыг шинэчлэн батлаж, мөрдүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги болон 2009-2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах хувийн хэвшлийг байгууллагыг сонгон шалгаруулан, хог хаягдал устгах нэгдсэн байгууламжийг ашиглалтад оруулаа.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар НЭМХ-ийн бүтцэд Хор судлалын төв байгуулан засгийн газрын нөөц хөрөнгө, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр 90 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаж, химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг сайжруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.
Хүний томуугийн А хүрээний H1N1 вирүсийн цартахалтай тэмцэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Халдварын голомтод ажиллах шуурхай хариу арга хэмжээ авах 4 багийг байгуулан, Засгийн газрын 139 тоот тогтоолоор 753,9 сая төгрөгийг шийдвэрлүүлэн шаардлагатай эм, вакциныг захиалан авч, хүн амыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ. Улсын хэмжээнд нйит 56 эх эндсэний 14 нь 2009 оны сүүлээр дэгдсэн томугийн цар тахлын үеэр 14 эх эндсэн байна. Үүнээс 4 тохиолдолд нь томуугийн а хүрээний и1Н1 халдвар аолон хь лавьраторийн шинэжилгээгээр батлагдсан. Хэдийгээр бусад тохиолдлууд иш шинжилгээнд хамрагдаагүй эсвэл шинжилгээгээр батлагдаагүй болох эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг судлалын шинжилгээний дүншээс үнэхэд томуугийн халдвараас үүдэлтэй амьсгалын дутаглаар нас барсан болох нь тогтоогдсэн байна
Янжуур тамхины боодлыг эрүүл мэндийн зурган анхааруулгатай болгон болгон шинэчилж, дүнсэн тамхи болон зарим тамхин бүтээгдэхүүний стандарт, тамхи, тамхин бүтээгдэхүүний шинжилгээний аргын 6 стандартыг батлуулсан байна.
“Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулан УИХ-аар батлууллаа.
Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журмыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлуулж, Спортын 21 төрлийн 166 тамирчинд 659 700 мянган төгрөг олгох ажлыг зохион байгуулав. Спортын их наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсад олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадам зохион байгуулах, санхүүжүүлэх журмыг шинэчлэн боловсруулж сайдын тушаалаар батлуулсан нь спортын арга хэмээний зохион байгуулалт, санхүүжилтийг оновчтой болгох алхам боллоо.
Хүн амын эрүүл аж төрөх дадлыг сайжруулах үүднээс бүх яам, агентлаг, түүний салбар нэгжүүдийг оролцуулан орон даяар нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулсан нь Засгийн газраас сайшаагдлаа.
Зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг бууруулах зорилготой АНУ-ын Мянганы сорилын сангийн дэмжлэгтэй 17.0 сая ам долларын төслийг хэрэгжүүлж эхлэхийн зэрэгцээ уг төслийг өргөтгөн нэмэлтээр 22 сая ам.долларын төсөл боловсруулан батлуулснаар хүн амыг төслийн арга хэмжээнд 100 хувь хамруулахаар боллоо.
Зонхилон тохиолдох ХБӨ, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд эрт илрүүлэх, сэтгэцийн ЭМАШТ үзүүлэх талаар сум, өрхийн эмч, сувилагч нарын мэдлэг, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн ДЭМБ-ын дотоодын тэтгэлэгт сургалтыг ЭМШУИС, СЭМҮТ, НЭМХ хамтран Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллеж болон БОЭТ-ийг түшиглэн зохион байгуулав.
“Уур амьсгалын өөрчлөлт–эрүүл мэнд” үндэсний бага хурлыг 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, НҮЭМ–ийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй газар дээр нь үзүүлэхийн тулд 308.0 сая төгрөгний өртөг бүхий явуулын амбулаторийн 19 ширхэг авто машиныг аймгуудад хуваарилан олголоо.
Гэвч нүн амын дунд дадал зуршил, зан үйлээс хамааралтай халдварт бус өвчин зонхилон тохиолдож байгаа нь тэдгээрт нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл болох тамхи, архины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол манай хүн амын дунд “чимээгүй тахлын” хэмжээнд хүрч, насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь халдварт бус өвчний улмаас нас барж байна.
Мөн Манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний 10-т орж, хорь хүртэлх насны 4 хүний 1 нь тамхи татдаг, 4 хүний 3 нь архи хэрэглэж үзсэн байгаа нь архи, тамхины татвар бусад оронтой харьцуулахад маш бага, сурталчилгааг нь хориглосон хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой юм.
Иймд Тамхи, архины татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ нь 8-15 хувиар тус тус буурч, 2.7 сая хүн амтай Монголын хувьд жилд 1250 хүн нас барахаас сэргийлж чадах тул архи, тамхины сурталчилгааг бүрэн хориглох хуулийн заалтын хэрэгжилтийг хангах, татварыг нэмэгдүүлэх, архины онцгой албан татварын 2 хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэхээр шаардлагатай байна.
ЭРҮҮЛ аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг уртасгах нь эрүүл мэндийн салбарын хамгийн чухал асуудал юм. 2008 оны жилийн эцсийн байдлаар манай улсын хүн амын тоо 2 сая 683 мянгад хүрч, Монгол хүний дундаж наслалт уртасч 2000 онтой харьцуулахад 4 насаар нэмэгдсэн амьдралын чанарын дэвшилтэт үзүүлэлт гарсан байна. Түүний хажуугаар хүн амын насны бүтцэд өөрчлөлт гарч, 0-15 насны хүүхдийн эзлэх хувь 28,1 хүртэл буурч, 15-64 насныхны эзлэх хувь нэмэгдэж 67,8 хувийг эзлэх боллоо. Хүн амын тоо нэмэгдэж, дундаж наслалт уртсан, хүн ам зүйн бүтцийн хувьд насжиж байгаа өөрчлөлт гарснаар тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ ч өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж байна.
Бид хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх нь төрийн эн тэргүүний үүрэг мөн гэж эрүүл мэндийн шинэ бодлогын үндсэн чиглэлийг томъёолж байна. Энэ агуулгаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарын жигд байдал, түүнчлэн анхан шатны тусламжийн чанар хүртээмжийг хангах нь төрийн үүрэг бол эмнэлгийн бусад тусламж үйлчилгээний хувьд төр хөгжих нөхцлийг нь бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах нь зүйд нийцнэ. Гэвч бодит байдал дээр эрүүл мэндэд улс, орон нутгийн төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийн бүтцийг харахад төсвийн зардал хамгийн өндөр байсан 2008 оны эрүүл мэндийн зардлын 75 хувь нь эмнэлгийн тусламжийн санхүүжилтэд зарцуулсан төдийгүй энэ зардал дотроо эрүүл мэндийн анхан шатны тусламжид төсвөөс зарцуулсан хөрөнгийн эзлэх хувийн жин ердөө л 32 хувийг эзэлж байв.
Манай залуучуудын бие бялдрын хөгжил ч сайнгүй байна. Цэргийн насны залуучуудын тал хувь нь бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр цэргийн албанд тэнцэхгүй байна. Иймд эрүүл, чийрэг биеийг хөгжүүлэх нийгмийн зөв бодлогыг төлөвшүүлж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх санал санаачилгыг түлхүү дэмжихийн зэрэгцээ эрүүл хүнс, эрүүл амьдрах хэв маягийг урамшуулж ажиллахыг эрмэлзэх нь чухал.
Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл хэрэгт албан байгууллага, аж ахуйн нэгж болгон оролцох үүрэгтэй бөгөөд үүнд бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох асуудал орхигдож, эрүүл мэндийн хичээл хавсрага болон хаягдаж байгаа зөрчлийг арилган, тусгайлан бэлтгэгдсэн орон тооны багшаар эрүүл мэндийн хичээлийг бүтэн цагаар заах арга хэмжээ авах хэрэгтэй байна.
БЗДХ, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлж, ХДХВ/ДОХ-ын халдварыг өнөөгийн түвшинд тогтоон барих зорилтын хүрээнд “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх Үндэсний стратеги”, “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн дотор мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг оролцогч бүх талуудын дэмжлэгтэйгээр эрчимтэй зохион байгуулж байна. “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийн байдалд хийгдсэн дунд хугацааны үнэлгээний дүнд үндэслэн бид 2009-2015 онд хэрэгжүүлэх стратегийг шинэчлэн батлуулахад бэлэн болоод байна. Энэхүү стратегийн үндсэн зорилт нь хүн амын дунд мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын бүх тохиолдол бэлгийн замаар дамжсан болон үндэсний хэмжээнд БЗДХ-ын түвшин эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан БЗДХ-ыг бууруулахад салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагад чиглэгдэж байна.
2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүрьеэтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг тогтмол, үр дүнтэй зохион байгуулж эмчилгээний олон улсын стандарт (ДОТС)-ыг нэвтрүүлэн, амжилтай хэрэгжүүлж байгаагийн дүнд стандарт эмчилгээнд хамрагдагсдын хувь нэмэгдэж 100 хувь, эмчилгээний үр дүн 80-иас дээш хувьтай болоод байна. Гэвч манай улс ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн орнуудын хувьд сүрьеэгийн өвчлөл өндөр зэрэглэлтэй 7 орны тоонд багтсан хэвээр байна. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний хэмжээнд сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийг сунган 2016 он хүртэл хэрэгжүүлэх болзол хангаад байна. Энэхүү төслийн хүрээнд ДОТС буюу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, хоригдлууд болон орон гэргүй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүн амд ДОТС-ийн үйлчилгээг хүргэх, сүүлийн үед нэмэгдэж байгаа олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС)-г тархахаас сэргийлэх зорилготой ажиллаж байна. Сүрьеэтэй тэмцэх ажлыг хүн амын ядуурлыг бууруулах, орон сууцны болон орчны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах ажилтай нягт уялдуулах, орон нутгийн засаг захиргаа, цагдан хорих байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, олон эмэнд дасалтай сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж ажилласнаар Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх боломж байгаа юм.
Дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний дүнд халдварт өвчний гаралтыг эрс бууруулж, улмаар аймаг, нийслэл дэх халдвартын албыг цомхотгосон цаг саяхан. Гэвч дэлхий нийтээр өмнө нь гарч байгаагүй шинэ халдварууд ихээр гарч, бүрэн хяналтандаа авсан хэмээн тооцож байсан халдварт өвчин дахин сэргэж байна. Тухайлбал, томуугийн цартахлын H1N1 вирусын халдвар бидний бэлэн байдлыг шалгаж, манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд багтаж, хүний бруцеллезын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт орж байна. Халдварт өвчний био-аюулгүйн 4 дүгээр зэрэглэлийн лабораторийг бий болгож, лабораторид суурилсан тандалтын тогтолцоог бэхжүүлж, нийслэл, аймгуудад халдвартын албыг сэргээн байгуулах шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд манай улс төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг ихээр нүүрлэж байна. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, хорт хавдар, химийн хордлогоос шалтгаалсан бусад өвчлөлийг үүсгэх, нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна. Иймд Агаарын тухай, Агаарын төлбөрийн тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх замаар химийн хордлого, мэдээллийн төвийг бэхжүүлж, үйл ажиллагааг нь тогтворжуулах шаардлагатай байна.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүн амын бие бялдрын хөгжлийг сайжруулах зорилгоор “Биеийн тамир спортын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 05 тоот тогтоол гарган мөрдүүллээ. Энэ тогтоолын дагуу бүх яамд сар бүр тодорхой уриан дор идэвхтэй хөдөлгөөнд нийт байгууллага, иргэдийг оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулж биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох ажил үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна. Судалгааны дүнгээс харахад хүүхэд, өсвөр үеийнхний 80,2 хувь нь бие бялдрын хөгжлийн хувьд “С” болон түүнээс доош үнэлгээтэй, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй,15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 35-64 насны бүлгийн үзүүлэлтийн дундаж түвшингээс доогуур байгаа нийтийн биеийн тамир спортыг бүх шатанд хөгжүүлж хэвшүүлэх явдал чухал болсоныг харуулж байгаа юм. Мөн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, удирдлага зохион байгуулалт, судалгаа, шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн механизмыг боловсронгуй болгох зорилгоор Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлууллаа. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр Нийтийн биеийн тамирын талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэж, биеийн тамир, спортын байгууллагуудын магадлан итгэмжлэл, олимп, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагчийн урамшууллын асуудлыг шийдвэрлэлээ.
1. Санхүүжилт
Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах нь чухал. Орчин үед эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг улс орны эдийн засаг, хүний хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж үзэх болжээ. Бид эрүүл мэндийн санхүүжилтийн төгс тогтолцоог төлөвшүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн стратегийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Эрүүл мэндийн санхүүжилтийн оновчтой бодлого, стратеги нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай санхүүгийн нөөцийг дайчлах, зохистой хуваарилах, үр дүнтэй ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.
Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед эрүүл мэндийн салбарт хийгдсэн шинэчлэлийн нэг томоохон үр дүн бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цоо шинээр бий болгон хөгжүүлж байгаа явдал мөн. Эрүүл мэндийн даатгалын сан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шууд зарцуулагдах татварын орлого бус харин даатгуулагчийн эрүүл мэндээс шалтгаалах эрсдлийг бууруулах зорилготой хамтын мөнгөн хөрөнгө. Иймд сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг нь шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгийг даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болгож хүргэх асуудал туйлын чухал. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлага, менежментийг нийгмийн даатгалын байгууллага гүйцэтгэж байгаа ба орлого төвлөрүүлэхэд чиглэгдэж байгаа нь өнөөгийн Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны сул тал. Тиймээс эрүүл мэндийн даатгалын байгууллагыг нийгмийн даатгалын байгууллагаас нь тусдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, үйлчилгээний чанарт хяналт тавих чиг үүрэгтэйгээр бие даасан байгууллага болгон төлөвшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуулиар 21729.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс урьдчилсан гүйцэтгэлээр 20,4 тэрбум, 93,8%-ийн биелэлттэй байна.
Он дамжсан шилжих барилгад 12,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 12,5 тэрбумыг хийж Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөл, Говь-Алтай аймгийн уламжлалт анагаах ухааны төвийн барилга, Архангай Төв аймагт 30 ортой халдвартын эмнэлгийн барилга, Ховд, Увс аймгуудад спорт цогцолбор, усан спортын барилгууд, Булган, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгуудад сумын эмнэлгийн 15 барилгыг ашиглалтанд орууллаа.
Эрүүл мэндийн салбарын хэмжээгээр 73 барилгад 5,8 тэрбум төгрөгийн их засварын ажил хийхээр төлөвлөснөөс 71 барилгад 5,3 тэрбум төгрөгийн ажил хийгдэж, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн БОЭТ-д хийгдэх засварын ажил орон нутгийн удирдлагын ажиллагаанаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна.
Дархлаажуулалтад 2009 онд шаардагдах вакцин, биобэлдмэлийн хэрэгцээг үндэслэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, тендерийн баримт бичгийг боловсруулан тендерийг зохион байгуулж 1,6 тэрбум төгрөгийн вакцин, биобэлдмэл, зүү тариурыг худалдан авч нийлүүлэн бүх худалдан авалтын тооцоог нийлж өр авлагагүй ажиллав.
2009 онд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 2,3 тэрбум төгрөг батлагдсанаас 2009 оны 12 дугаар сарын байдлаар хөрөнгө оруулалтын зарцуулалт 97,6 хувьтай байна. Үлдсэн 53 сая төгрөгийг ХӨСҮТ-д 22 сая төгрөгийн, ХСҮТ-д 30 сая төгрөгийг тус тус зарцуулахаар шилжүүлэх гэрээ хийгдэж байна.
Хог хаягдалын тоног төхөөрөмж худалдан авахад 350 сая төгрөг батлагдан 2008 оны хог хаягдалын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үлдэгдэл төсөв болох 132 сая төгрөгийг нийлүүлэгчид шилжүүлж, үлдсэн 218 сая төгрөгөөр Дархан, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хог хаягдлын тоног төхөөрөмж нийлүүлэх 2 багцтай тендер зарлав.
А хүрээний H1N1 хүрээний вирүсийн цартахлыг хязгаарлах зорилгоор Засгийн газраас 6 тэрбум төгрөг батлагдсаны 1,673,943,541 төгрөгөөөр эмнэлгийн тоног төхөөрөмж шууд худалдан авч батлагдсан төсвийг бүрэн зарцуулав.
Салбарын хэмжээнд ашиглаж байгаа эмнэлгийн техникийн судалгаа, үнэлгээ хийх ажлын эх үүсвэр, санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын 239 тоот тушаалаар батлуулан судалгааг гүйцэтгэх байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний нээлттэй тендер зарлан салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хангамжийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээний гэрээг 2009 оны 10-р сарын 05-ны өдөр Интерсайнс ХХК-тай байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудад уг судалгааны талаар албан тоотоор мэдэгдэж Улаанбаатар хотын 16 эмнэлэг, 19 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдуудаар явж мэдээллийг EXCEL-д файл болгон хадгалж хүлээн авч, мэдээллийг нэгтгэж дүгнэх, ЭМЯ-ны тоног төхөөрөмжий мэдээний санг шинэчлэх ажил хийгдэж байна.
2009 онд улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн 2296,7 сая төгрөгийн өртөг бүхий 109 автомашиныг хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн үйлчилгээний зориулалтаар, 19 мотоциклийг хөдөөгийн малчдын эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар багийн бага эмчийн салбарт тус тус олголоо.
Эрүүл мэндийн байгууллагуудын 2010-2012 урсгал төсвийн төслийг хянан хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн салбарын 2010 оны төсвийн төслийг боловсруулан 2009 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн салбарын төсөв УИХ-аар хэлэлцэгдэж 219,8 тэрбумаар батлагдлаа.
Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжих зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулах зорилтын хүрээнд 2009 оны эрүүл мэндийн даатгалын сангаас 56.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудыг санхүүжүүлж, 2010 онд нийт 76 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санхүүжүүлэхээр боллоо.
2010 оны 1 сарын 1-ээс хувийн эрүүл мэндийн байгууллагуудын ЭМДСангаас авах тарифыг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2009 оны 407/265/159 тоот хамтарсан тушаалаар шинэчлэн баталж, 2010 оны 01 сарын 01-ээс эхлэн мөрдүүлэхээр УИХ-аар батлагдсан төсөвт тусгаад байна. Энэхүү тушаалаар 2003 оноос хойш огт нэмэгдээгүй байсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тарифыг анх удаа нэмэгдүүллээ. Үүнд: 30600-44100 төгрөг байсныг 100000 төгрөг болгож, уламжлалт эмчилгээг 42300 байсныг 80000 болгож, нөхөн сэргээх үйлчилгээ 41000 байсныг 50000 болгон нэмэгдүүллээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийн аргачлалыг боловсронгуй болгох ажлын хүрээнд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн аргыг сум өрхийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төсвийн программтай уялдуулсан, хөтөлбөрийн дагуу тогтмол зардал болон урсгал зардлын хуваарилалтыг тоосон ,эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчилж, 22 оношийн бүлгийг 115 оношийн хамааралтай бүлэг болгон өргөтгөж, Эрүүл мэндийн сайдын 180 тоот тушаалаар батлан мөрдүүлэв.
2010 оны төсвийн төлөвлөлтөд энэхүү аргачиллыг үндэслэн тооцсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд даатгалын сангаас санхүүжүүлэх зардлын хэмжээ 30 хувиар нэмэгдэн энэ хэмжээгээр даатгуулагчийн эрх ашиг хамгаалагдах боломжтой боллоо. Энэ тушаалаар шинээр оношлогоо шинжилгээ, амбулаторийн давтан үзлэг, сум дундын эмнэлгийн хоёр дахь шатлалын мэс заслын бус хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, клиник сувилал, хөнгөвчлөх эмчилгээ, шүдний өвчний оношлогоо эмчилгээ, жирэмсэн эхчүүдэд тохиолдож буй суурь өвчнүүд буюу жирэмсний бус шалтгаантай өвчнүүдийг даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой боллоо.
ХҮН ам, айл өрх, иргэнд хамгийн ойрхон байж тэдний эрүүл мэндэд ямарваа өөрчлөлт, өвчин эмгэг тохиолдоход нэн тэргүүнд сум, өрхийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байдгийг бид мэднэ. Иймд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ иргэдэд үзүүлдэг сум, өрхийн эмнэлгийн үйлчилгээний стандарт, удирдамжийг боловсронгуй болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын хөгжил - 3 төслийн хүрээнд сумын эмнэлэгүүдийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажил хийгдэж байна.
Анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа зарим ажлаас товч дурдвал Эрүүл мэндийн сайдын 99 тоот тушаалаар “Малчдын явуулын амбулаторийн ажиллах үлгэрчилсэн заавар” болон “ Явуулын амбулаторийн иж бүрдлийн жагсаалт ”-ыг батлан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Мөн багийн эмчийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэт алслагдсан багийн эмчийг унаажуулах ажлыг дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-2 ” төслийн хүрээнд шийдвэрлэж 34 багийн эмчийг мотоциклоор хангалаа.
Нөгөө талаас хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлийн эмнэлэгүүдийн бүтэц зохион байгуулалт, зориулалтын барилгын асуудлыг даруй шийдэж орчин үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх асуудалд анхаарлаа хандуулах цаг ч бас болсон байна.
“Эхийн эндэгдлийг бууруулах стратеги”-ийг 2000-2004, 2005-2010 онуудад хэрэгжүүлсэний дүнд эхийн эндэгдэл 2000 онд 100000 амьд төрөлтөнд 168 байсан бол 2004 онд 98.9, 2008 онд 49,9 болж, манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны тоонд шилжиж, Мянганы хөгжлийн зорилтонд хүрсэн.
Гэвч бид энэ ололтондоо сэтгэл амарч эх, хүүхдийн эндэгдлийг жам ёсоор буурч байгаа мэтээр ойлгож, уг асуудал анхаарлын гадна орхигдуулснаас 2007, 2009 онуудад эхийн эндэгдэл өмнөх онтой нь харьцуулахад нэмэгдэж уг үзүүлэлт тогтвортой буурахгүй байна. 2009 онд улсын хэмжээнд нийт 68,544 эх төрж, 56 эх эндсэн нь 2008 оны түвшингээс төрөлт 5457, эхийн нас баралт 25 тохиолдлоор нэмэгдсэн буюу 100,000 амьд төрөлтөнд 81.4 болсон.
Хүн амын 32%-ийг эзэлж байгаа ядуурал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал, үер, томуугийн цар тахал, цас зуд зэрэг улс орныг хамарсан онцгой байдал, улс төрийн шийдлүүд, эдийн засгийн хямрал, хэмнэлт нэрийдлээр төсөв хассан асуудал, нийгэм, орчны сөрөг нөлөөлөл эхийн эндэгдэлд нөлөөлснийг үгүйсгэхгүй. Гэхдээ 2009 оны эхийн эндэгдлийг бүтцээр нь авч үзвэл:
- Жирэмсэлт, төрөлттэй холбоотой эх барихын шалтгаантай эндэгдэл 33.9%,
- Эхийн архаг суурь өвчин, халдварт өвчнөөс шалтгаалсан эх барихын бус шалтгаантай эндэгдэл 66.1%-ийг эзэлж байна.
Төрөх амаржих газрын ор, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй, төсөв хөрөнгийн төлөвлөлт буруу, эмч эмнэлгийн мэргэжилтний хуваарилалт, зохицуулалт алдагдсан, ур чадвар дутмаг, хариуцлага сул, батлагдсан стандарт удирдамжийг мөрдөхгүй байгаа нь эх, нялхсын тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, эх эндэх явдал нийт эндэгдлийн 50 гаруй хувийг эзэлж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал муу байгаагаас жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл нэмэгдэж, эндэгдэлд хүргэж байна.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 70% орчим нь ямар нэгэн архаг суурь өвчинтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийн 11,5% нь цус багдалттай, эндэж буй эхийн эндэгдлийн 33 хувь нь сүрьеэ, зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, хорт хавдар зэрэг өвчний улмаас нас барж байна.
Зарим эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд жигд хамрагдаж чадахгүй байгаа нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатар хотод эндсэн нийт эхийн 23% нь нийслэл хотод шилжин суурьших бүртгэлгүй, бүртгэгдсэн хаягандаа амьдардаггүй эхчүүд байсан.
Манай улсад үр хөндөлтийн асуудал нөхөн үржихүйн тусламжийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2008 оны байдлаар 1000 амьд төрөлтөнд 186 үр хөндөлт, мөн нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 20,2 үр хөндөлт ногдож байна. Нийт үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 46% нь анхны үр хөндөлт байгаа бөгөөд 16% нь оюутан байна. 54% нь давтан үр хөндөлт байгаа нь анхаарал татаж байна.
Монгол улсын төрийн бодлогод хүн амыг өсгөх талаар анхаарч байгаа ч цаашид Монгол хүний удмын санг цэвэр, эрүүл байлгахад анхаарах цаг болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” гэсэн заалт орсныг бид бүгд мэднэ.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал муу байгаагаас жирэмсэн төрөх төрсний дараах үеийн хүндрэл нэмэгдэж, улмаар эдгээр хүндрэлтэй эхчүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг төвүүдэд шилжүүлж байгаа нь хоёр гуравдахь шатлалын эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна.
Өвчний учир дээд шатлалын эмнэлэгт шилжүүлж буй жирэмсэн болон төрсөн эхчүүдийн буцах унааны зардлыг төсөвт оруулах асуудлыг ч шийдвэрлэх хэрэгтэй.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал төрийн ивээлд байна” гэж бид хуульчилсан. Гэтэл одоо нийслэл аймгийн амаржих газруудын ачаалал хэт ихэссэн, төсвөөс өгөх санхүүжилт бага, амаржих газруудад ажиллах орны тоо ачааллаа даахгүй, нярайн орны санхүүжилт байхгүй байсаар байна.
Улаанбаатар хотын амаржих газрын санхүүжилт, хүний нөөцийн асуудал нийслэлийн хүн амын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа тул санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинээр барих амаржих газрын асуудлыг шуурхай шийдвэрлэх, хүний нөөцийг бэлтгэх, эх барих эмэгтэйчүүд, нярай, эмчимт эмчилгээний мэргэжлийн эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Ингэхгүйгээр эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмж чанарыг сайжруулах асуудал шийдвэрлэгдэхгүйд хүрч байна.
Хүүхдийн эндэгдэл буурч байгаа боловч түүний бүтцэнд нярайн эндэгдлийг эзлэх хувь өндөр, ураг хамгааллын асуудал орхигдсон нь төрөлт тойронгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх, эмэгтэйчүүд, гэр бүл, өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулах, перинатал анагаах ухааныг хөгжүүлэх, төв байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарын мэдээлэл, технологийг шинэчлэх ажлын хүрээнд цахим эрүүл мэндийн стратеги үйл ажиллагааны төлөвлөгөө, мэдээллийн нууцлал аюулгүй байдлын журмыг эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна. Эрүүл мэдийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох дэд бүтцийг байгуулах компьютер, техник хэрэгсэл болон телемедициний тоног төхөөрөмжөөр хангах ажилд 2010 оны улсын төсөвт 1,3 тэрбум төгрөг батлууллаа.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг нэгдсэн сүлжээнд холбох ажлын хүрээнд 21 аймгийг эрүүл мэндийн яамтай өндөр хурдны сүлжээгээр холбох зардлын тооцоо, техник үндэслэлийг боловсруулж үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шинэчилсэн журмын дагуу байгууллагуудаас цахим тайлан ирүүлэх программ боловсруулж үнэлгээний тайланг анх удаа цахим хэлбэрээр авч дүгнэлээ. Өнөөдрийн байдлаар 766 эрүүл мэндийн байгууллага интернет ашиглаж, 7005 компьютерээр хангагджээ.
Эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх бүртгэлийн болон тайлангийн маягт боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх аргачилал болон өвчний олон улсын 10, үйлдлийн 9 дүгээр ангилал, үндэсний аюулгүй байдлыг мэдээ, мэдээллээр хангах журам, томуу, томуу төст өвчний мэдээллийг бүртгэхтэй хобоотой зэрэг нийт сайдын 4 тушаалыг батлан хэрэгжүүлж байна.
Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд холбох, цахим эмнэлгийг хөгжүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн сан байгуулах, програм хангамж нэвтрүүлэх зэрэг чиглэлээр оролцогч талуудыг нэгдсэн зохицуулалт удирдлагаар хангах, цахим эрүүл мэндийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох стратегийн баримт бичгийн төсөл боловсруулж 12 сард батлууллаа.
Орчин үед мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь таруу байршилтай манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх оновчтой хэлбэр юм.
Манай улсад алсын зайн анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр анх 2001 онд Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Зүрх судасны төв” байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Алсын зайн анагаах ухааныг хөгжүүлэхийн гол ач холбогдол нь алслагдсан нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, шуурхай болгох, эдийн засгийн хувьд үр ашигтай байлгахад оршино. Жмшээлбэл, Ховд аймгаас Улаанбаатар хотод ирж эмчлүүлэхэд нэг иргэн ойролцоогоор 1.5 сая төгрөгийг орон байр, хоол хүнс, замын зардал гэх мэтэд зарцуулдаг байсан бол алсын зайн анагаах ухааныг нэвтрүүлснээр дээрх зардлыг даруй 20-30 дахин бууруулах боломж бүрдэж нийт 8 аймагт зүрх судасны өвчин, эх нярайн тусламж, эмгэг судлалын чиглэлээр алсын зайн оношилгоо, зөвлөгөө авах боломж бүрдээд байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн яам, харъяа 15 төрөлжсөн мэргэжлийн төв, эмнэлгүүд эмнэлэг дундын нэгдсэн цахим сүлжээнд холбогдсон нь өвчтөний мэдээллийг дамжуулж, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгч байгаа билээ. Цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн цахим сүлжээнд холбох, алсын зайн оношилгоо, эмчилгээнд бүх аймгуудыг хамруулах, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан байгуулах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмж, технологийг шинэчлэхэд түлхүү хандуулах нь зүйтэй юм. Эрүүл мэндийн технологийн хоцрогдлоос улбаалан иргэдийн гадаад улс орнууд руу явж эмчилгээ үйлчилгээ авч байгаа урсгалыг зогсоож төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг төвүүдийн барилга байшин, оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг олон улсын жишигт хүргэж сайжруулах, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх асуудалд онцгой анхаарлаа хандуулж байна.
Хөгжиж буй улс орон дахь хотжилтын хурдацтай холбоотойгоор өвчлөлийн хэлбэр, явц, тавиланд гарч байгаа өөрчлөлт нь эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг хурдацтай, тогтвортой өргөжүүлэхийг шаардаж байна. Иймд үндэсний сүлжээ бүхий түргэн тусламжийн төв байгуулах, яаралтай тусламжинд орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах, яаралтай тусламжийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх, эмнэлгийн байгууллагыг яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах нь чухал.
Өнөөдөр эм хангамжийн салбарт хууль, эрх зүйн таатай орчин үндсэндээ бүрдсэн боловч хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, түгээлтийн талаар тусгайлсан бодлого, зохицуулалт, судалгаа, шинжилгээ, хяналт байх зайлшгүй шаардлагатай байна. Эрүүл мэндийн яамнаас бодлогын талаар зохих арга хэмжээнүүдийг авч байгаа боловч хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих зохистой бүтэц байхгүй байна. Бусад хөгжилтэй орны жишгээр Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулан эмийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлын асуудал, хяналтыг цогц байдлаар шийдвэрлэсэн тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Хэрэгцээт эмийнхээ 80 орчим хувийг гаднаас импортлож хэрэглэдэг манай орны хувьд эмийн чанарын хяналтын лабораторийн хүчин чадлыг өндөр түвшинд хүргэх, мэргэжлийн боловсон хүчнийг чадавхижуулах нь эмийн чанарыг баталгаажуулах гол хэрэгсэл болно.
2009 оны байдлаар улсын төсөвт 24 тэрбум төгрөгийг эмнэлгүүдийн эмийн хангамжид зориулан төлөвлөсөн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг тендерээр худалдан авч байгаа нь төсвийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, хувийн хэвшлийн байгууллагуудын нээлттэй өрсөлдөөнийг бий болгоход чухал ач холбогдолтой болсон хэдий ч санал болгосон тендерийн үнийг чухалчилж эмийн чанарыг орхигдуулах тал гарч байна. Иймд зарим эмийг шууд гэрээ байгуулах замаар худалдан авах, төвлөрүүлэн худалдан авах зэргээр илүү үр ашигтай арга замыг хайх хэрэгтэй.
Эм хангамжийн салбар бүрэн хувийн салбарт шилжсэнтэй холбоотой гамшиг, нийтийг хамарсан, өвчлөл, хордлого, гэнэтийн аюул ослын үед хэрэглэх нэн шаардлагатай эм болон яаралтай тусламжийн оношлогоо, эмчилгээнд хэрэглэх эм, олон улсын байгууллагын шугамаар үнэ төлбөргүй олгодог нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгсэл, эх хүүхдэд зориулсан амин дэм, нэмэлт тэжээл зэргийг хадгалах, түгээх асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудал чухал юм.
Төрийн бодлогын хүрээнд эх орны эмийн ургамлын түүхий эдийг ашиглан уламжлалт анагаах ухааны мэдлэг дээр суурилсан эмийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь боломжийн үнэтэй, чанарын баталгаатай эмийн хангамжийг бий болгох үндэс болно. Өөрийн оронд үйлдвэрлэх бололцоотой эм, вакцин, биобэлдмэлийн судалгаа шинжилгээг дэмжиж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхаармаар байна.
Иргэд өвдсөн өвчиндөө бус уусан эмнээсээ болж өвчин тусах хэмжээнд хүрсэн байгааг анхааралдаа авч иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар бодлогын арга хэмжээ авахаар ажиллаж байна.
5. Гадаад харилцаа
2009 оны байдлаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийтдээ олон талт хамтын ажиллагааны 7 (АХБ, ДЭМБ, НҮБ-ын ХАС, ХС, ХХ, Дэлхийн банк), хоёр талын хамтын ажиллагааны 6 (ЖАЙКА, КОЙКА, ТИКА, Люксембургийн ЗГ, Италийн ЗГ, Чехийн ЗГ), олон улсын төрийн бус 1 (Дэлхийн зөн), хоёр талт, төрийн бус 6 (Францын Санте Зюд, Норвегийн Лютерн, АНУ-ын Энх тайвны корпус, ГАВИ, Италийн АИФО, Швейцарийн хөгжлийн агентлаг, мэс засалчдын баг) байгууллагатай хамтран янз бүрийн санхүүжилтийн хэмжээ бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Дээрх байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ нь ойролцоогоор 85,6 сая гаруй ам доллар болж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд бүгд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжиж байна.
Хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн 15,0 хувь нь Эрүүл мэндийн бодлогыг боловсронгуй болгох, 50,0 хувь нь урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд, 22,9 хувь нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад, 4,5 хувь нь эрүүл мэндийн ажиллагсадын боловсрол, сургалтад, 0,4 хувь нь эрдэм шинжилгээ судалгаанд тус тус зарцуулагдаж байна.
Засгийн газраас 2008-2012 онд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд 22 зорилт дэвшүүлэн тавьсныг одоо хэрэгжиж байгаа төслүүдийн хамрах хүрээтэй харьцуулан авч үзэхэд 63,6 хувь нь тохирч байна.
Засгийн газрын болон Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудад хүрэх үйл явцыг дэмжин эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэх, хоол тэжээлийн байдлыг сайжруулах зэрэг төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд нийт төслийн санхүүжилтийн 48,8 хувь нь эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт туссан нэг чухал зорилт нь тусламж үйлчилгээний чанартай нягт уялдуулан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох билээ /1.1.16/. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бид АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ЭМСХ-3 төсөлтэй хамтран ажиллаж байна. Уг төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоог сайжруулах юм. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, тодруулбал эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн загварыг боловсруулах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх боломжийг судлан турших, эрүүл мэндийн даатгалаас санхүүжих тусламж үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, даатгалын хамралт болон, үр ашгийг нэмэгдүүлэх, эмнэлгийн санхүүгийн удирдлагын чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа хэрэгжинэ.
Мөн ЗГ-ийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.11 дэх зорилт буюу “Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан байгуулна. Эмнэлгийн цахим сүлжээ, алсын зайн оношилгоо эмчилгээг өргөжүүлэн иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай түвшинд үзүүлэх бололцоог хангах зорилгоор анагаах ухааны орчин үеийн ололтод тулгуурласан төрөлжсөн мэдээллийн төвүүдийг хөгжүүлж, өвчнийг эрт оношлох, эмчлэн нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлнэ” зорилтын хүрээнд бид Люксембургийн ЗГ, НҮБ-ын ХАС-тай хамтран “Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх“, “Зүрх судасны төв” гэсэн нийт 5 сая ам долларын төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн агентлаг, мэс засалчдын багтай хамтран хэрэгжүүлж буй 953 000 швейцар франкийн өртөг бүхий Монголд телемедициний сүлжээ байгуулах төсөл нь ЗГ-ийн мөрийн хөтөлбөрийн 1.1.22 дах зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Эрүүл мэндийн салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг нэгдсэн бодлогоор хангах, олон талт хамтын ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор бид “Эрүүл мэндийн салбар дахь зээл тусламжийг зохицуулах зөвлөл”-ийг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 141 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Салбарын хэмжээнд гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хоорондын уялдаа холбоо муу, төсөл хөтөлбөрийг хянах, удирдах ажлыг тус тусдаа удирдах зөвлөлөөр дамжуулан явуулдаг байсан алдаа дутагдлыг засахад энэхүү зөвлөлийн гүйцэтгэх үүрэг их юм.
Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зорилгоор АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжих Эрүүл мэндийн салбарын хөгжил - 4 төслийн бэлтгэл ажил явагдаж байна.
АХБ-ны санхүүжилтээр “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, 6-23 сартай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил бэлдмэлээр хангах нэгдсэн төлөвлөгөөг, нэвтрүүүлэх журмыг сайдын тушаалаар батлан, хэрэгжүүлж байна.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөтөлбөр боловсруулж АХБ-ны 2,1 сая ам, долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Цаашид олон улсын хамтрагч талуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлэхдээ бид Мянганы хөгжлийн болон эрүүл мэндийн бодлогын зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭМС-ын мастер төлөвлөгөөтэй улам бүр нягт уялдуулах ялангуяа эрүүл мэндийн мэргэжлийн болон удирдлагын боловсон хүчнийг хөгжлийн шинэ үе нөхцөл байдалд тэнцэхээр сургаж бэлтгэх, бүх нийтээр эрүүл байхын үндсэн нөхцөл болсон иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох явдлыг хөхүүлэн дэмжих, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндийн судалгаа шинжилгээг өргөжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, гадаадын зээл тусламжийг эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр болгон хөгжүүлэх гэсэн асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.
Хүний нөөц
Монгол улсын Төрийн албан хаагчдын томоохон хэсгийг бүрдүүлдэг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх нь энэ салбарын чухал хэсэг нь мөн. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой ач холбогдол өгч 2007 оноос “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаархи салбар хоорондын зохицуулах зөвлөл”-ийг Ерөнхий сайдаар ахлуулан ажиллаж байна.
Бид 2009 онд “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”-ыг өмнө хэрэгжүүлсэн бодлогын үнэлгээний зөвлөмж, ДЭМБ-ын Номхон Далайн баруун эргийн бүсийн “Эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх бодлого”-той уялдуулан шинэчлэн боловсруулж Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлав.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр УИХ-аар батлагдсан. Энэхүү хуулиар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2 ба 5 жилийн хугацаатай болгох, анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид 2 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сургууль төгсөнгүүт олгох, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн хүчингүй болгох талаар нэмэлт, өөрчлөлтүүд оров.
Хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан холбогдох журмуудыг шинэчлэн мөрдүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын зохицуулах зөвлөлийн 4 дэх хурлыг зохион байгуулж, өнгөрсөн 3 жилд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцуулан, зарим эмнэлгийн мэргэжилтний цалингийн доод жишгийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн зэргийн болон алслагдлын нэмэгдэл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, дэмжүүлэв.
2020 он хүртэлх Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тогтоох судалгааг хийж эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах эмнэлгийн мэргэжилтний тоог эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг болон хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан шинэчлэн тогтоов. Энэхүү судалгаа нь эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх төлөвлөгөөг 10 жилээр тооцсон нь салбарын хүний нөөцийг анх удаа урт хугацаагаар төлөвлөсөн үр дүнтэй ажил болсон юм.
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарын ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж хамтарсан 3 тушаалд гарын үсэг зурсанаар 2 яамны байнгын ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг байнгын ажлын хэсэг Сургалт эрхлэх байгууллага байгуулах болон шинэ мэргэжил нээх; Элсэлтийн хяналтын тоо тогтоох; Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эзэмшүүлэх мэргэжлийн чиглэл, индекс тогтоох, шинэчлэх; Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын байгууллагуудыг аттестатчилах; Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж байхаар болсон.
Байнгын комисс байгуулагдсан нь мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд мэргэжлийн яамны оролцоо дээшлүүлэх талаар хийсэн томоохон алхам хийсэн гэж дүгнэж байна.
Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, тасралтгүй сургалтын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Эрүүл мэндийн сайдын 444 тоот тушаалын хавсралтаар батлав. Шинэчилсэн журмын дагуу уг зөвлөл нь чиг үүргийн хувьд зөвхөн төгсөлтийн дараах сургалтын асуудлыг бус эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварын өсөлт, хөгжлийн асуудлыг хамаардаг болсон.
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын журмын төслийг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 444 тоот тушаалаар батлууллаа. Шинэчлэгдсэн журмын дагуу эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг нэгдсэн журмаар элсүүлж, төгсөлтийн шалгалтын мөн нэгдсэн байдлаар зохион байгуулж байхаар болсон бөгөөд төгсөлтийн дараахь сургалтын төрөл, хэлбэрийн нэршлийг нэг мөр болгож, төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгосон.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 442 тоот тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-ыг батлав.
Мөн Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайдын 443 тоот тушаалаар, “Эрүүл мэндийн яаманд ажиллаж буй төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг Төрийн нарийн бичгийн даргын 158 тоот тушаалаар тус тус батлав.
2008 онд баталсан “Эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтан, оюутанд урамшуулал олгох” журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрөлжсөн мэргэжлийн 9 эмчийг үндсэн цалин дээр нь нэмж сарын 1 сая төгрөгийн урамшуулалтайгаар нийт 6 сарын хугацаагаар Ховд, Увс, Завхан, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Баян-Өлгий аймгуудад гэрээгээр ажиллуулах, сум, сум дундын эмнэлгийн их эмч нарийг төрөлжсөн нарийн мэргэжлийн тэтгэлэгт сургалтад 3 сараас 1 жилийн хугацаатайгаар хамрууллаа. Түүнчлэн гадаад улс орны туршлага судлах, танилцах аялалд салбарын хэмжээнд нийт 100 гаруй мэргэжилтнийг хамруулжээ.
Гэвч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээтэй уялдахгүй байгаагаас эмнэлгийн мэргэжилтний ур чадварын зохистой харьцаа алдагдаад байна.
Өнөөгийн мөрдөж буй орон тооны хязгаарын түвшинд хангалттайд тооцогдож буй хэдий ч олон улсын жишигтэй харьцуулахад сувилагч дутагдалтай болоод байна. Хэдийгээр хуулийн дагуу төгсөлтийн дараахь сургалт буюу эмнэлгийн мэргэжилтний давтан сургалт Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудал хэдий ч анагаах ухааны боловсрол олгодог зарим сургуулиуд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг Эрүүл мэндийн яамны баримталж буй бодлогоос зөрүүтэй бэлтгэж байна.
Анагаах ухааны боловсрол олгодог улс, хувийн 10 сургуулийг төгсөгчдийн ур чадвар жигд бус, сургуулиудын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага болох стандарт боловсрогдоогүйгээс харилцан адилгүй хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэгдэж байна.
Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлж байгаа хэдий ч салбарын ажиллагсадын цалингийн тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөрийн норм нормативийг шинэчлэн тогтоох, гүйцэтгэлд суурилсан хөдөлмөрийн үнэлэмжийг нэвтрүүлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулж, хөдөлмөр хамгааллыг хангах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байна.
Цаашид эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээ нь өндөр ур чадвартай, нийгмийн батлагаа нь хангагдсан, ёс зүйн төлөвшилтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг зохистой харьцаагаар бэлтгэн хэрэгцээт газар нь ажиллуулахад чиглэгдэх бөгөөд эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлуудыг сайжруулах арга замуудыг бид эрэлхийлсээр байна.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийг ялангуяа хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах урамшууллын багцыг хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжид үндэслэж цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогод нийцсэн, хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдсан, дэлхийн анагаах ухааны хөгжлөөс суралцсан өндөр ур чадвар, ёс зүйтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргах асуудалд бид онцгой анхаарах ёстой. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх төгсөлтийн дараахь сургалтыг “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн төв” байгуулах замаар шийдвэрлүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадварыг үнэлэх үр дүнтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төр, хувийн хэвшлийн сургуулиудын тоо хангалттай олон байгаа бөгөөд цаашид эдгээр сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг стандартчилах шаардлагатай. Анагаах ухааны боловсролын байгууллагууд өөрийн орны эрүүл мэндийн салбарын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн эмнэлгийн мэргэжилтнийг зохистой тоо, харьцаатайгаар бэлтгэх өндөр чадавхитай, өөрчлөгдөх чадвартай уян хатан сургалт явуулдаг байгууллага бий болгох ёстой.
Эмнэлгийн мэргэжилтний харьцааг харуулсан үзүүлэлтүүд анхаарал татаж байна. 10 000 хүн амд ногдох их эмчийн тоо өндөр хөгжилтэй орнуудынхаас дээгүүр байгаа мөртлөө тусгай мэргэжилтэн ялангуяа сувилахуйн мэргэжилтнүүдийн тоо илт бага байна. Иймд дипломын зэрэгтэй сувилагчийг бэлтгэх замаар их эмч, сувилагчийн харьцааны гажуудлыг ойрын хугацаанд арилгах бодлого баримтлана.
Их эмч нарын мэргэжлийн зохистой харьцаанд ч анхаарал хандуулж эрүүл мэндийн салбар хүнийг өвдөхөөс нь сэргийлсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаатай уялдуулан их эмч нарын мэргэшлийн харьцааг өөрчлөх нь зөв юм. Зарим нарийн мэргэшил тухайлбал, эмгэг судлаач, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, хүүхдийн эмгэг судлал зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүд харьцангуй бага сонгож байгаа мэргэшлүүдээр их эмч нарыг сургах чиглэлд төгсөлтийн дараахь сургалтын бодлогодоо өөрчлөлт хийх, эдгээр мэргэшлийн чиглэлээр ажиллах сонирхлыг нь нэмэгдүүлэх цалин хөлсний тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
Анагаах ухаан, технологи, оношлогоо эмчилгээний үсрэнгүй хөгжлөөс цаг алдалгүй суралцах үүднээс бид эмнэлгийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орнуудад урт, богино хугацаагаар сургах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн хэлний мэдлэг, мэдээллийн технологи ашиглах ур чадвараа дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай байхын зэрэгцээ тэднийг бэлтгэн гаргадаг Анагаах ухааны боловсролын сургуулиуд ч ийм чадварыг бүрэн эзэмшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөдөг зарчмыг эрхэмлэх хэрэгтэй байна.
Эрхэм хүндэт нөхөд өө!
Хамгийн уян сэтгэл, өндөр ёс зүй, хором тутамд хариуцлага шаарддаг мэргэжил бол эмч, эмнэлгийн мэргэжилтэн байдаг. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цаг дор ч, эдийн засгийн хямралын өнөө үед ч өөрийн ар гэр, үр хүүхдээ умартан, эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнчээр нойр хоолгүй зүтгэж, хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлсийн төлөө сэтгэлээ чилээж, чадал ухаанаа шавхан ажиллаж байдаг Та бүхэнд монголын ард түмэн талархаж явдаг билээ.Та бүхэн ийм нэр хүндтэй мэргэжил эзэмшсэнээрээ үргэлж бахархаж өндөр ёс зүйтэй ажиллаж чадна хэмээн итгэж байна. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.
Хийгдэж байна ...