2010 оны 1 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо ДЭМБ, Эрүүл мэндийн хэмжил зүйн сүлжээ төсөл болон Махидолын Их сургуулийн хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн мэдээллийн асуудлаарх дэлхий чуулга уулзалтад оролцлоо.
Уг уулзалтын зорилго нь дэлхий нийтийн эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны үүргийг өндөрт авч үзэх, улс орнуудын эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, харилцан санал солилцох, уриалга гаргахад оршиж байв. Нийт 80 гаруй орны 500 орчим төлөөлөгчид оролцсон ба Монголын талаас ЭМЯ-ны МХШҮГ-ын дарга С.Энхболд, ДЭМБ-ын суурийн төлөөлөгч Др.Виват, Үндэсний статистикийн хорооны ахлах мэргэжилтэн Б.Даваахүү нар оролцлоо.
Нэгдсэн хурал болон салбар хуралдаанууд дараах чиглэлээр болсон. Үүнд:
· Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд,
· Эрүүл мэндийн мэдээллийн бодлого, хууль, эрх зүйн орчинг шинэчлэх,
· Архаг өвчнүүдийн мэдээлэлд хариу өгөх
· Дэлхий нийтээр нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, ялангуяа төрөлт нас баралт, нас баралтын шалтгааныг бүрэн бүртгэх
· Улс орнуудын эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийг үнэлэх
· Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны нөөцийн асуудлыг хэлэлцэх
· Үр дүнд тулгуурласан менежментийг нэвтрүүлэх
· Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих
· Салбар хоорндын хамтын ажиллагааг нээлттэйгээр өргөжүүлэх
· Хэмжих боломжгүй үзүүлэлтүүдийг хэмжих
· Үр дүнтэй дүн шинжилгээ болон загварыг ашиглах замаар эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог нэгтгэх
· Нэгдсэн уриалга гаргах
Нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцон, санал бодлоо солилцлоо.
Уг хурлыг нээж Тайландын гүнж үг хэлсэн бөгөөд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Виват Принц Махидолын 2009 оны шагналыг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хүртсэн. Уг шагналыг эрүүл мэнд, анагаах ухааны чиглэл болон нийгмийн эрүүл мэнд гэсэн чиглэлээр гурван хүнд гардуулсан болно.
Үүнээс гадна улс орнууд болгон эрүүл мэндийн мэдээлэл болон цахим эрүүл мэндийн чиглэлээр постер танилцуулга бэлтгэж оролцсон бөгөөд нийт 92 постерийг зорилго, хэрэгжүүлсэн арга хэмжээ, гарсан үр дүн зэргийг үндэслэн шилдэг постерийг шалгаруулсан болно. Монгол улс “Telemedicine in Mongolia” гэсэн сэдвээр постер бэлтгэж оролцсон. Нийт эхний 5 байрыг шалгаруулсан ба Монгол улс 92 постероос 2 дугаар байрыг эзэлсэн амжилттай оролцлоо.
Хуралдааны төгсгөлд улс орнуудын эрүүл мэндийн сайд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, хандивлагч орнуудад хандсан нэгдсэн уриалга гаргалаа.






