Олон улсын хорт хавдартай тэмцэх холбооноос 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ жилийн Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, Хавдар судлалын Үндэсний төв, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас хамтран “Хавдраас сэргийлэх боломжтой” гэсэн өдөрлөгийг 2010 оны хоёрдугаар сарын 3-нд зохион байгуулав.
Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар хэлэхдээ “Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо нь хорт хавдрын эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулсан үйл ажиллагааг явуулахад дэмжигч ба гишүүн байгууллагууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн агентлаг болон бусад олон улсын байгууллагатай хамтран ажиллаж ирсэн юм. Олон улсын хорт хавдартай тэмцэх холбооноос “Өнөөдрийн эрүүл хүүхэд маргаашийн ирээдүй – Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн хорт хавдраас урьдчилан сэргийлцгээе” уриан дор хорт хавдрын эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны таван жилийн хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2008-2011 онд жил бүр хорт хавдартай холбоотой нэг асуудлыг сонгон үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, 2008 онд Хүүхэд залуучуудад тамхигүй орчныг бүрдүүлж өгөх, 2009 онд Эрүүл хооллолт болон идэвхтэй хөдөлгөөнд суурилсан эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд чиглэж байсан бол 2010 онд Хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байна. Энэ жилийн Хорт хавдраас сэргийлэх өдөр нь “Хорт хавдраас сэргийлэх боломжтой” уриан дор явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд
+ Тамхинаас гарах, идэвхгүй тамхидалтаас зайлсхийх,
+ Архины хэрэглээг хязгаарлах,
+ Наранд хэт шарахаас зайлсхийх,
+ Зохистой эрүүл хоол хүнс хэрэглэж, тогтмол хөдөлгөөнтэй байх,
+ Хорт хавдар үүсгэдэг халдваруудаас хамгаалах зэрэг хавдрын эрсдэлт хүчин зүйлсийг энгийн аргаар бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хийх юм” гэлээ.
Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна. Гэтэл хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг ажээ. Монгол Улсад хорт хавдар нь хүн амын нас баралтын 2-рхш
шалтгаан болж байна. Манай улсад элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдар нийт хорт хавдрын өвчлөлийн 80 хувийг эзэлж байгаа бөгөөд хорт хавдрын өвчлөл, нас баралт энэ байдлаар нэмэгдвэл 10 жилийн хугацаанд хоёр дахин өсөх хандлагатай байна.
“Хорт хавдраас сэргийлэх боломжтой” өдөрлөгийн үеэр ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Дэлхийн хавдартай тэмцэх өдрийн тухай, “Хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан санал бодлоо солилцов. Энэ үеэр цаг ямагт чөлөө завгүй ажиллаж байдаг сэтгүүлчдэд боломж олгож, тэдэнд эмч нар үйлчлэн үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өглөө. “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас сэтгүүлч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах үүднээс гурав дахь шатны эмнэлгүүдтэй хамтран ийм арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.