MOH

Дэлхийн гепатитын өдөрт зориулсан Хэвлэлийн хурал дээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн хэлсэн үг

Дэлхийн гепатитын өдөр нь вирүст гепатит В, С-тэй амьдарч байгаа хүмүүс болон өвчтөний бүлгүүдэд олон улсын анхаарлыг хандуулах зорилготой жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг бөгөөд гепатитын талаархи ойлголтыг дээшлүүлэх, оношлогоо, эмчилгээг хялбар болгох, өвчнөөс сэргийлэх бодит өөрчлөлтүүдийг хийх боломжийг олгодог. Дэлхийн гепатитын өдрийн хүрээнд

2008 оноос хойш дэлхий дахины 61 оронд 1 тэрбум орчим хүн амыг хамарсан 600 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн байна. 2010 оны 5-р сард зохиогдсон Дэлхийн Эрүүл мэндийн чуулганаас Дэлхийн гепатитын өдрийг жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

ДЭМБ анх удаа албан ёсоор энэ оны 7-р сарын 28-аас эхлэн жил бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тэмдэглэж, вирүст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг уриалж байна.

ДЭМБ анх удаа албан ёсоор энэ оны 7-р сарын 28-аас эхлэн жил бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тэмдэглэж, вирүст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг уриалж байна.

2011 оны 7-р сарын 28-ны өдөр монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа “Гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. ҮҮНИЙГ МЭД, ҮҮНТЭЙ ТЭМЦ” гэсэн уриан дор вирүст гепатитын талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, баяжуулах энэ чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна.

Дэлхийн нийт газар нутгийг вируст гепатитын тархалтын зэргээр нь өндөр, дунд , бага тархалттай гэж ангилан үздэг. Манай орон өндөр тархалттай орны тоонд багтдаг. Тархалтын зэрэг нь тухайн улс орны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, ус, хүнстэй холбоотой байдгийг олон судлаачид тогтоосон. Өндөр тархалттай газар нутагт насанд хүрэгсэд нь ихэнхдээ дархлаатай болсон байдгаас ялангуяа А вируст гепатитын хувьд тахалт тархалт болох нь ховор байдаг бол дэлхийн олон улс оронд ариун цэврийн нөхцөл сайжирч дархлаагүй буюу өртөмтгий хүн ам болох хүүхэд залуусын тоо нэмэгдсэнээс өвчний дэгдэлтийн давтамж олшрох эрсдэлтэй байна.

Дэлхийд жил дутам 1.4 сая хүн А вируст гепатит өвчнөөр өвчилж, 1.5-3 тэрбум ам доллар зарцуулдаг ба 2 тэрбумаас илүү хүн В вируст гепатитын халдвар авч, жил бүр 1 сая хүн нас барж, шинээр хурц хэлбэрийн гепатитын халдвар авсан 4 сая хүн бүртгэгдэж байна. Мөн С вирусын архаг халдвартай 130-170 сая хүн (ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 2-3% нь) байна. В вирусын халдварт цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлдэг, түүнтэй харьцдаг хүмүүс өртөх эрсдэлтэй бол С вирусын халдварт тарилгын хэрэгслийг дамжуулан хэрэглэх парентраль замаар халдвар авах эрсдэлтэй бөгөөд В, С вирус 2-уулаа адилхан элэгний хатуурал, анхдагч өмөн үү үүсгэх гол шалтгааны нэг болдог урхагтай.

Манай улсад вируст гепатит өвчнийг 1952 оноос албан ёсоор бүртгэж, 1962 онд өвчлөлийн оргил үе байсан ба 10000 хүн амаас 331 хүн өртөж байсан бол 1991 оноос эхлэн шинэ төрсөн хүүхэд бүрийг В вируст гепатитаас сэргийлэх вакцинаар дархлаажуулж, хамралтыг 98%-д хүргэсэн, аюулгүй тарилгын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд В вируст гепатитын өвчлөл дархлаажуулахаас өмнөх үеийн өвчлөлөөс 3,4 дахин буурч вируст гепатитын өвчлөл сүүлийн 10-н жилийн хугацаанд 10000 хүн амд 32.2 промил хүртэл буурсан байна. Хэдийгээр ийм амжилтанд хүрсэн хэдий ч сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 8000 гаруй хүн өвчилж байгаагийн дотор 87.7% нь А вируст гепатит, 9.9% нь В вируст гепатит, 1.7% нь С вируст гепатит, нийт халдварт өвчний дотор 21.9%-ийг гепатит өвчин эзэлж байна.

А вируст гепатитээр өвчлөгсдийн зонхилох хувийг 9 хүртэлх насны хүүхэд, ялангуяа 2-4 насны хүүхдийн өвчлөл 70 гаруй хувийг эзэлж байна. Манай судлаачдын хийсэн судалгаагаар гепатит өвчин тууштай буурахгүй байгаа нь хот, суурин газрын хүн амын хэт их төвлөрөл, хүүхдийн байгууллагуудын нягтрал, ундны болон ахуйн зориулалтын цэвэр усны чанар, хүрэлцээ муу, хөрс, орчны бохирдолт их, хүнсний аюулгүй байдалд тавих хяналт сул зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойг тогтоосон байна.

Дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80% нь В вируст гепатитын халдвар авсан, 15-20% нь В вирусын архаг тээгч байгааг судлаачид тогтоосон байна. Дархлаажуулалтын үр дүнд бага насны хүүхдийн дундах В вирус тээгчийн тархалт өмнөх үетэй харьцуулахад мэдэгдэхүйц буурч 0.5% -д хүрсэн нь Номхон Далайн Баруун Бүсийн 0-5 насны хүүхдийн дунд вирус тээгчийн тархалтыг 2%-аас бага байлгах зорилтод манай улс хүрсэн байна.

Дархлаажуулалтын үр дүнд ийм амжилтанд хүрсэн ч 1990 оноос өмнө төрсөн хүн ам ялангуяа цус, цусан бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг эмч, эмнэлгийн ажиллагсдын дунд өвчлөл өндөр байна.

Эмнэлгийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 85.6% нь зүү болон эмнэлгийн хурц үзүүртэй багажны хатгалтанд өртсөн, биологийн материалтай шууд харьцаж ажилладаг, энэ мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 86.7% нь HВsAg эерэг, 60% нь HCV эерэг буюу В, С вируст гепатитын халдвар авсан болох нь тогтоогдсон. Иймээс бид Вируст гепатит болон түүний уршгаас үүдсэн өвчин эмгэг, өвчлөл, нас баралтыг бууруулах, оношлох, эмчлэх, сэргийлэх, тандан судлах асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2010 онд 2011-2015 онд хэрэгжүүлэх “Вируст гепатиттэй тэмцэх үндэсний стратеги”-ийг боловсруулж ЭМС-ын тушаалаар батлуулан мөрдөж ажиллаж байна.

2005 - 2011 онд Улаанбаатар хот болон өвчлөл өндөртэй зарим аймгуудыг сонгож тархвар судлалын заалтаар А вируст гепатитын эсрэг вакцинаар 49,303 хүүхдийг дархлаажуулсан ба хамрагдсан хүүхдүүдийн дунд өвчлөл бүртгэгдээгүй байна. 2010 онд А вируст гепатит өвчний өвчлөлийн байдал, цаашид авах арга хэмжээний саналыг Монгол улсын Засгийн газарт оруулж, “А вируст гепатит өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г холбогдох яам агентлагуудтай хамтран боловсруулж батлуулан ажиллаж байна.

Бидний зохион байгуулж буй энэ ажлын зэрэгцээ нийгэм талаасаа, хувь хүний зүгээс эрүүл ахуй ариун цэврийн арга хэмжээнүүдийг сайжруулах, цэвэр усны чанар, хүртээмж, орчны болон хөрсний ариун цэвэр, хүн ам, сургууль хүүхдийн байгууллагын нягтралыг багасгах, стандарт эрүүл ахуйн норм нормативыг хэрэгжүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа юм.

Иргэн бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тохиолдуулан дэвшүүлсэн уриалгыг хүлээн авч, эрүүл мэндийн салбарынхантай хамтран тэмдэглэхийн зэрэгцээ вируст гепатитын эрсдлээс өөрийгөө болон үр хүүхэд, гэр бүл, бусдыг хамгаалах талаарх мэдлэгээ дээшлүүлж, эрсдлийг бууруулах, сэргийлэх талаар хамтдаа ажиллахыг уриалж байна.

 

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Vacancy notice

Read more ...